Үнэгүй мэдээ

Хүүхэд яагаад худал хэлж эхэлдэг вэ?

2026.06.17 27 үзэлт
Хүүхэд яагаад худал хэлж эхэлдэг вэ?
Нэгэн ээж хүүгээ ваар хагалсныг анзаарч, “Чи үүнийг хийсэн үү?” хэмээн асуухад хүү нь “Үгүй” гэж хариулжээ. Гэвч тэр ваарыг хагалсан бөгөөд үнэнээ нуусан шалтгаан нь буруу зүйл хийсэндээ биш, харин шийтгэлээс айсандаа байв.
Олон эцэг эх хүүхдээ худал хэлэх үед “Яагаад ингэж худал ярьдаг болчихов?” гэж гайхдаг. Гэвч заримдаа хүүхэд худал хэлж байгаа нь хүмүүжилгүй хүүхэд болж буйн илрэл биш, харин өөрийгөө хамгаалах оролдлого байдаг. Тэд үнэнээс илүүтэй эцэг эхийнхээ уур, загналт, хатуу шийтгэлээс айдаг.
American Psychological Association (APA)-ийн судалгаагаар айдас дээр суурилсан хүмүүжил нь хүүхдийг богино хугацаанд дуулгавартай мэт харагдуулдаг ч урт хугацаанд сөрөг үр дагавар үлдээдэг байна. Тухайлбал, хүүхэд худал хэлэх, дотогшоо бүрэг болох , алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх, өөртөө итгэх итгэл нь буурах, эцэг эхээсээ сэтгэл зүйн хувьд холдох хандлага нэмэгддэг.
Хүүхдийг загнах, айлгах үед түүний тархины аюул мэдрэх хэсэг идэвхжиж, суралцах бус зөвхөн өөрийгөө хамгаалах горимд ордог. Өөрөөр хэлбэл, тэр үед хүүхэд “Би эндээс юу сурах вэ?” гэж биш, “Яаж шийтгүүлэхгүй өнгөрөх вэ?” хэмээх бодол руу шилждэг.
Харин тайван сонсож, мэдрэмжийг нь ойлгож, зөвөөр чиглүүлж чадвал хүүхэд буруугаа нуух биш, хариуцлага хүлээж сурдаг. “Чи яагаад дахиад ингэж байгаа юм бэ?” гэж зэмлэхийн оронд “Чи айгаад үнэнээ хэлэхгүй байна уу? Бид хамтдаа шийдэж болно” хэмээн хэлэх нь хүүхдийн дотоод аюулгүй мэдрэмжийг бий болгодог.
Айдас хүүхдийг хүмүүжүүлдэггүй. Тэр зөвхөн түр хугацаанд чимээгүй болгодог. Харин ойлголт, итгэлцэл, тайван харилцаа л хүүхдийг үнэнч, хариуцлагатай, өөртөө итгэлтэй хүн болгон төлөвшүүлдэг.
Жинхэнэ хүмүүжил гэдэг нь хүүхэд хэн ч харахгүй үед ч зөв зүйл хийх чадварыг бий болгох явдал юм.
Та хүүхдээ айлгаж хүмүүжүүлж байна уу, эсвэл ойлгуулж сургаж байна уу?