Үнэгүй мэдээ

ХАРАМЧ

2026.06.17 27 үзэлт
ХАРАМЧ
Өвгөн залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их гялайх болно гэв.
Залуу шан харамж авна гэдгээ ч, сайн үйл хийж буйгаа ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв, таван настай хүүхэд төөрснийг мэдээд гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч хүүг хүргэж өгсөн гэр түүний замын турш төсөөлж байсанчлан гаднаа усан сантай, том харш бус нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Дээр нь бас хаалга тайлж өгсөн ядуу өвгөнийг хараад сэтгэл нь бүр гутрав. Өвгөн хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.
Залуу өвгөнтэй ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор өөд болсныг мэдлээ. Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэсэнгүйд залуу унтууцаж "Ядаж ийшээ ирсэн таксины мөнгө өгсөн бол ч..." хэмээн бодож зогслоо. Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ. Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана. Ач хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах сонирхол ч залууд байсангүй. Тэгээд харамч хөгшинд сургамж өгөхөөр шийдэж өвгөний нүд рүү ихэмсэгээр харснаа халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн өмнө шидлэн:
-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай. Бас өглөгч хүн ямар байдгийг харж ав гэв.
Жаалхүү бөхийж газар хэвтэх мөнгийг цуглуулахад залуугийн нүд уначих шахлаа. Хүүгийн гарт дөрвөн алтан зоос гялалзаж байв.