Хазгар Должины ганц охин Сүндэр дөрөвхөн настайгаасаа ирээдүйд болох явдлыг урьдчилан хэлдэг байжээ. Айл саахалтын маргаашийн хэрэг явдлыг төдийгүй хүний ам нээгдэхээс өмнө хэлэх үгийг нь хүртэл мэддэг байсан гэдэг. Харин арван зургаан нас хүрэхэд нь “Өмнөх гурван үе, хойших гурван үеийг хэлдэг удган төржээ” гэх яриа нутаг даяар тарж, хол ойрын хүмүүс Должины навсгар хар гэрийг зорих болов.

Гэвч Должиныг хамгийн их айлгасан зүйл охиных нь ер бусын чадвар байсангүй. Нэгэн өдөр Сүндэр өөрийгөө хэзээ энэ хорвоогоос буцахыг, бас олон жилийн дараа эхийгээ авахаар яг ямар өдөр эргэж ирэхээ хэлжээ. Должин тэр үгийг нь уурлан үл тоосон ч найман жилийн дараа ганц хар гэрийг нь солонго бүхэлд нь ороон татахад охиных нь хэлсэн бүхэн санаанд нь орсон гэдэг...

Таргийн таван ямаанаас өөр хөрөнгөгүй, нэг хөл нь доголон Должиныг нутгийнхан “Хазгар Должин” хэмээн дууддаг байв. Насны нар хэвийсэн хойноо хөл хүнд болсноо мэдсэнээс түүний амьдрал орвонгоороо эргэжээ. Хэний хүүхдийг тээсэн тухай нутгийнхны хов живээс залхсан Должин уулын хормойд ганц хар гэрээ барьж, айл саахалтаас зайдуу амьдрах болов.

Удалгүй охин төрүүлж, Сүндэр хэмээн нэрлэжээ. Шаргалдуу үстэй, цайвар бор царайтай, бүлтгэр нүдтэй охиноо харах бүрдээ Должин өнгөрсөн зовлонгоо мартдаг байлаа. Өөрийг нь хүмүүс юу гэх нь хамаагүй ч охиныг нь “хөгшин эхийн бутач хүүхэд” хэмээн гоочлох вий гэхээс эмээнэ. Гэвч Сүндэр дөрвөн нас хүрэхэд эхийнх нь айдас өөр шалтгаантай болов.

Охин нь алсад болж буй явдлыг нүдээр үзсэн мэт ярьж, маргааш юу болохыг урьд орой нь хэлдэг болжээ. Заримдаа бүр насанд хүрсэн хүн шиг дуугаа намсган, айл саахалтын хэрэг явдлыг урьдчилан хэлэхэд Должины нуруугаар хүйт даадаг байв. Эхэндээ охиноо ухаан сэргэлэн гэж бодсон ч энэ нь жирийн авьяас биш гэдгийг удалгүй ойлгожээ.

Нутгийнхан мэдвэл “бугтай хүүхэд”, “чөтгөрийн үр” хэмээн адлах вий гэж айсан Должин охиноо айл хэсүүлэхгүй, хүний өмнө элдэв зүйл ярихыг нь хориглон өсгөв. Гэвч Сүндэр өсөж томрох тусам ер бусын чадварыг нь нуух аргагүй болжээ. Арван зургаан нас хүрэхэд нь хүмүүс түүний тухай хачирхалтай зүйлс ярьж эхлэв.

Зарим өдөр Сүндэрийн царай нар шиг гэрэлтэж, үзэсгэлэн төгөлдөр харагддаг бол өөр нэг өдөр нь өтөлж хувхайрсан хүн шиг танигдахын аргагүй өөрчлөгддөг байв. Удалгүй түүнийг үзэх гэсэн хүмүүс Должины гэрт цувж, охиныг нь удган төржээ гэх болов. Должин охиныхоо чадвараас илүүтэй нэг л өдөр түүнийг алдах вий гэхээс айдаг байлаа.

Гэтэл нэгэн өдөр Сүндэр эхийнхээ өмнө ирж зогсоод:

— Ээжээ, би удахгүй энэ хорвоог орхино. Харин та намайг санаж, ганцаардсан үедээ энэ сорвийг хараарай. Би таныг авахаар эргэж ирнэ. Тэр өдөр манай гэр дээр солонго татна гэж хэлжээ.

Тэгээд зүүн бугалганыхаа дотор талыг ил гарган үзүүлэхэд тэнд бараг үл үзэгдэх, хачин хэлбэртэй нарийн сорви байв. Должин охиныхоо үгэнд уурлаж, дахин ийм зүйл ярихыг хоригложээ. Гэвч найман жилийн дараа ганц хар гэрийг нь солонго бүхэлд нь ороон татахад Должин охиныхоо хэлсэн үгийг санав.

Хамгийн аймшигтай нь, тэр өдөр Сүндэрийн хэлс…